Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх
Э.Пүрэвдаваа: БИОЛОГИЙН НОЦТОЙ АЮУЛ УЧРАХАД ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ ОРОН АЛГА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 8-р сарын 20, Мягмар гариг, 03:31

Био аюулгүй байдлын тухай сүүлийн үед нэлээд дуулдах болжээ. “Ногоон мэдээ” энэ сэдвээр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн зөвлөх, анагаах ухааны вирус судлаач Э.Пүрэвдаваатай ярилцлаа.

 

-Удахгүй био аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлагдана гэж сонслоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Био аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг батлуулах гэж байна. Энэ нь цагаа олсон асуудал. Био аюулгүй байдалд хамрагдахгүй салбар гэж байхгүй. Тухайлбал, мал аж ахуй, газар тариалан, хүнс, анагаах ухаан, байгаль гадаад орчин гээд бүх зүйл хамаарна. Энэ чиглэлээр бодлого боловсруулж байгаа хүмүүс, шийдвэр гаргагчид, хөдөө аж ахуй, ургамал, газар зүйн мэргэжилтнүүд, биотехнологи, генийн идэвх судлалынхан өөрсдийнхөө чиглэлээр тодорхой ярьж байгаа. Өнөөдөр биотехнологи хөгжиж байна. Биологийн аюулгүй байдал гэдэг үндэсний аюулгүй байдлын нэг чухал салбар. Үндэсний хэмжээнд аюул занал байнга оршсоор байгаа юм. ДЭМБ-ын тооцоолж байгаагаар ямар нэг биологийн ноцтой аюул учрахад түүнтэй тэмцэх нэг ч орон байхгүй. Дэлхийн хүн амын гуравны хоёр нь ядуу байна. Үүнийг шийдэх биотехнологи зайлшгүй шаардлагатай. Өвөл хөлддөггүй, хүйтэнд тэсвэртэй ургамал, ургамлын гарц өндөртэй шинэ гентэй ургамал тариалах хэрэгтэй. Үүнийг дагалдаад ямар нэг гарц байж болно. Шинэ ген агуулсан биологийн аливаа зүйлийг эх орондоо нэвтрүүлэхдээ заавал эрсдлийн үнэлгээг хийж биоаюулгүй байдлын журмыг баримтлах ёстой. Ийм хөтөлбөртэй болсон цагт цаашид бүх яам, салбарууд өөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргана. Хөтөлбөр хэрэгжихээр хоорондын уялдаа холбоо сайжирна. Биологийн аюулгүй байдал гэдэг нь их өргөн хүрээтэй асуудал.

-Био аюулгүй ажиллагаа байгальтай ямар холбоотой юм бэ?

-Байгалийн гамшгаас болж био аюулгүй байдал үүсдэг. Тухайлбал, их үер боллоо гэхэд үүний дараа юу болох вэ. Мөн хүн суурьшдаггүй газар эхлэн суурьшихад заавал халдварт өвчин гардаг. Үүнийг байгалийн гамшиг гэж байгаа юм. Тиймээс байгалийн онгон байдлыг өөрчлөхгүй байх нь чухал. Өөрөөр хэлбэл, ойг сүйтгэхэд тэнд байгаа олон амьтад хаашаа дүрвэх вэ. Мэдээж хүн суурьшсан газарт очно. Нэг жишээ хэлэхэд 1994 онд Энэтхэгт их хэмжээний түймэр гарахад ойд байсан амьтад бүгд хот руу орж айлд суурьшсанаар олон төрлийн шимэгч хорхой, вирус тархсан. Мөн хулганаар тарваган тахал дамждаг. Үүнийг яагаад сайн мэдэж байна гэхээр би яг тэр үед Энэтхэг рүү явах гэж байхад өмнөх өдөр нь хил хааж байсан юм.

-Хэрэв амьтад ойдоо байвал ямар нэг эерэг нөлөө гарах уу?

-Мэдээж  байгалийн онгон төрх хэвээр хадгалагдана. Нэг л байшин барихад эко систем өөрчлөгддөг. Алтны ченжүүд хэчнээн гол, мөрөн ширгээв. Цаг, үеэ олсон ногоон хөтөлбөр их зөв. Үүнийг хэн ч тоодоггүй байсан. Ямар нэг асуудал, өвчин гарвал эрүүлийг хамгаалахын ажил гэж үздэг байлаа. Гэтэл үүнийг санаатай хийдэг газрууд байна. Тухайлбал, маш их ургацтай цагаан будаа таръя гэхэд эхний хоёр жил нь өндөр ургац авсан ч дараа жилээс нь тухайн хөрсийг ямар ч шимгүй болгосон байх  жишээтэй.

-Уул уурхай эрхэлдэг болсноос хойш нөхөн сэргээх ажил хийхгүй байгаа талаар олон ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Үнэхээр сэтгэл зовоосон асуудал. Байгаль экологи хэдий чинээ сүйрэхийн хэрээр нийгэмд хохирол учирна. Ой модыг сүйтгэнэ тэнд байгаа амьтад дүрвэж эрүүл газар очдог. Байгалийн онгон төрхийг онцгой анхаарахгүй бол болохгүй. Анхаарч байгаа ч хэрэгжихгүй байна. Нөхөн сэргээж байна гээд нэр төдий хийдэг газрууд байна. Миний бодлоор том уурхай, том машинуудыг хувь хүнд өгч байгаа нь хамгийн аюултай. Мөн ямар даацын машиныг ямар газар эзэмших нь төрийн анхааралд баймаар байна. Төрийн мэдэлд том даацын, хувийнх нь арай жижиг машин хэрэглэх хэрэгтэй. Одоо хувийнхан хоёр том машинаар уулыг тал болгож байна. Дараа нь нөхөн сэргээж байгаа юм алга. Байгалийн унаган төрх алдагдаж байгаагаас олон гол, горхи ширгэсэн. Энэ бол аюултай.

Мөн Монгол орны 70 хувь нь цөлжиж байгаа нь үнэхээр гамшиг. Манайхан хавар, зун болохоор Улаанбаатарын бүх газрыг сэндийчиж байна. Энэ хаанаас орж ирсэн технологи вэ. Монголчууд хэзээ ч газраа сэндийчиж байгаагүй. Харин гадас хатгасан бол авч хаячихаад явдаг байсан. Байгаль хамгаалах энэ хөтөлбөр их ач холбогдолтой. Гэрээ, хэлэлцээрээ сайн хийгээд хэдий хэмжээний ой эзэмших, ямар хэмжээний газар малталт хийснийхээ дараа заавал зүлэгжүүлж, мод тарьж байх хэрэгтэй. Өнөөдөр харин хуулийн цоорхойг ашиглаж байна.

-Сүүлийн үед мөнгөтэй хүмүүс дархан цаазтай газарт газар аваад барилга барих нь ердийн үзэгдэл болжээ?

-Үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй. Монгол орон эзэнгүй болсон. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төвийг Туул голын эх дээр барьчихсан. Дараа нь сөрөг үр дагавар гарна шүү дээ. Хоёрдугаарт, голыг дагаад баахан барилга барьсан байна. Энэ нь бас л аюул. 1976 онд болсон үер хэзээ нэгэн цагт давтагдана. Зөвшөөрөлгүй газар машин тавихад ачаад явдаг шиг зөвшөөрөлгүй газар барьсан хашааг шууд буулгаад гарсан бүх зардлыг нь тухайн хүнээр төлүүлдэг байх хэрэгтэй.

Р.ОЮУН / зууны мэдээ 2013.06.20 дугаарт нийтлэгдсэн/

 

 

 

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч