Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх
Ж.Оюунбилэг: Манай улс генетикийн өвөрмөц нөөцтэй PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 8-р сарын 20, Мягмар гариг, 03:29

Өдгөө дэлхий даяар био­технологийн үйлдвэрлэл өргөн цар хүрээтэй хөгжсөөр байна. Манай улс ч хүссэн хүсээгүй хөгжлийн энэ шат руу ороод байна. Тиймээс үүнийг дагасан хууль эрхзүйн орчин болоод биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөрсийг нь бэлтгэх шаардлагатай байгаа. Үүний эхлэл болгон “Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг гаргаад байгаа билээ. Энэ талаар биологийн ухааны доктор, академич Ж.Оюунбилэгтэй ярилцлаа.

-Үндэсний хөтөлбөрийн гол зорилго юу вэ?

-Шинжлэх ухаан, техноло­ги хөгжихөөр зарим сөрөг нөлөө, болзошгүй эрсдлээс сэргийлэх талаар олон улсын төвшинд ярьж байгаа. Түүнтэй холбоотойгоор Картагены про­то­кол, Биологийн олон янз байдлын тухай конвенци гар­сан. Дэлхий дээрх амьдралыг тэтгэх, тогтвортой байлгахын тулд биологийн олон янз байд­лыг хангах ёстой юм. Үүний тулд биотехнологи хөгжсөнөөр байгальд байхгүй гени агуул­сан амьд организм, бие мах­бо­дийг үйлдвэрлэж байна. Тэгж үйлдвэрлэхээс ч аргагүй. Учир нь хүн төрөлхтөний хүнс­ний, эмийн хэрэгцээг хангахын тулд биотехнологийн аргаар үйлдвэрлэх шаардлага тул­гарч байна. Гэхдээ үүнийг зо­хи­цуулах хууль эрхзүйн орчин байхгүй бол хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн эрсд­лийг харгалзан Картагены протоколыг 2000 оны нэгдү­гээр сард баталсан байдаг. Манай улс 2002 онд нэгдэн орсон. Биологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хө­төл­бөр бол энэхүү олон улсын гэрээнийхээ үүргийн дагуу ургамал, амьтан, байгаль орчноо болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс авч хэрэг­жүүлэх ажил байгаа юм.

-Гаднын орнууд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн аль хэдийнэ хэрэглэх бол­сон. Манай улсын хувьд хэ­рэглээ ямар хэмжээнд бай­даг юм бол?

-Одоогоор генийн өөрч­лөлт­­тэй бүтээгдэхүүнийг бүрт­гэх, баталгаажуулах ажил эх­лэлийн шатанд явж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай улсад хүнсний ямар бүтээгдэхүүн орж ирж байна вэ, эрсдэл байна уу  гэдгийг илрүүлэх чадавхийг нь бий болгох юм. Нөгөө талаар био­тех­нологийг хөгжүүлэх нь эдийн засгийн үр ашиг өндөр учраас энэ чиглэлээр хөгжих эхлэлийг нь энэ хөтөлбөр тавьж байгаа гэж ойлгож бол­но. Биотехнологийг бүхий л салбарт ашиглах боломжтой шүү дээ. Тухайлбал, хүнс, эм, хөдөө аж ахуйтай холбоотой үйлд­вэрлэл нь манайд байна. Түүндээ шинэ технологи нэвт­рүүлж, шинэ гени ашиглан олон тооны бүтээгдэхүүн гар­гах авах боломжтой. Ер нь биотехнологийг генийн үйлд­вэрлэл гэж ойлгож болно. Мон­гол орон бол далайн төвшнөөс дээш өндөрлөгт оршдог, жи­лийн дөрвөн улиралтай, уур амьсгалын олон янзын өөрч­лөлттэй болохоор маш өвөр­мөц генийн нөөцтэй. Хэрвээ түүнийг гаднынхан аваад ашиг­ла­вал олон сая долларын ал­дагдалд орох аюул бий. Гад­нынханд алдаж байсан то­хиолдол ч бий. Жишээ нь ма­най чихэр өвсийг ашиглаад ге­патит С вирусийн эсрэг эмийн бэлдмэл хийгээд манай буцаагаад зарсан ч гэдэг юм уу. Үүнээс сэргийлэх аргыг ч олон улсын төвшинд харилцан тохирсон зүйл байдаг. Тухайл­бал, генийн нөөцийг ашиглалаа гэхэд тухайн орон үр ашгаас нь хувь хүртэх ёстой гэсэн ойл­голт олон улсын төвшинд бий болсон. Биотехнологи хөгжих тусмаа эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, хамгийн гол нь тогтвортой үйлдвэрлэл бий болдог. Үүнээс үүдсэн болзошгүй аюулыг олон ул­сын төвшинд анхааруулж байгаа учраас биоаюулгүй байдлын орчныг бүрдүүлсэн, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг бүртгэдэг, хянадаг тогтолцоог энэ хөтөлбөр бий болгож бай­гаа юм.

-Биотехнологийг хөг­жүү­лэхэд техник, техноло­гийн бааз суурь нь манайд хэр байна вэ. Бас ажиллах боловсон хүчин хэр вэ?

-Биотехнологийн салба­рын нарийн мэргэжлийн хү­мүү­сийн зөвхөн таван хувь нь л одоо эх орондоо ажиллаж бай­гаа гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, манай олон мэргэжилтэн гадаадад ажил­лаж байна. Үүнийг олон улсад “тархины урсгал” гэдэг л дээ. Монгол улсын тархины нөө­цийг олон улс ашиглаж байна гэсэн үг. Энэ хөтөлбөрийн нэг онцлог бол тэднийг эх орондоо ирж ажиллах нөхцлийг бий болгоход чиглэж байна. Мөн шинжлэх ухааны салбарт оруу­лах хөрөнгө оруулалтыг тогт­мол байлгах нь маш чу­хал. Өдгөө олон орны туршлагыг харахад шинжлэх ухаандаа л тулгуурлаж хөгжсөн байдаг. Жишээ нь Япон, Солонгос зэрэг улс дотоодын нийт бү­тээг­дэхүүний 2.6-3 хувийг нь шинжлэх ухаандаа  зарцуулж байна. Гэтэл манайх 0.3 ор­чим хувь­тай, маш бага байна.

-Энэ хөтөлбөрийг хэрэг­жүүлнэ гэдэг нэг талаасаа гарч болох эрсдлээс хам­гаалах, нөгөө талаасаа био­технологийн үйлдвэрлэ­лийг хөгжүүлэх эхлэлийг тавина гэсэн үг юм байна. Тэгэхээр хөтөлбөрийг хэ­рэг­жүүлэхэд  багагүй мөнгө шаардах байх. Санхүүжилт нь тодорхой болсон юм уу?

-Санхүүжилтийн эх үүсвэ­рийг хөтөлбөрт дурдсан бай­гаа. Жишээ нь улс, орон нут­гийн төсвийн хөрөнгө оруу­лалт, хандивлагч орны тус­ламж, хандив, төрийн болон төрийн бус байгууллагын са­наачилгаар хуримтлагдсан хөрөнгө, хуулиар зөвшөөрсөн бусад эх үүсвэр гэх мэтээр аль болох олон эс үүсвэрээс санхүүгээ бүрдүүлж энэ тог­тол­цоог ажилладаг болгоход зорьж байгаа юм.

-Ерөнхий утгаараа манай улс шинжлэх ухаандаа тогт­вортой хөрөнгө оруулдаг болж  байж биотехнологи цаашид тогтвортой хөгжих юм биш үү?

-Мэдээж шинжлэх ухаанд оруулж байгаа хөрөнгө оруу­лал­тыг нэмж байж, биотехно­ло­гийн үйлдвэрлэлийн үр аш­гийг үзнэ л дээ. Энэ хөтөлбөр хоёр үе шаттай явна. Эхнийх нь 2016 он хүртэл хэрэгжүү­лэхээр байгаа. Ямар ч гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гаднаас оруулж ирсэн бүтээг­дэхүүнд эрсдлийн үнэлгээ хийх чадавхитай болно. Мөн биотехнологийн үйлдвэрлэ­лийг хөгжүүлэх эхлэл бий болно гэж ойлгож болно.

-Манайд хүнс, эмийн чиг­лэлийн бүтээгдэхүүн байна гэдэг нь манайхан өөрсдөө тарьж байгаа гэдэг утгаар ярьж байна уу?

-Газар тариалангийн сал­барт шилжмэл генитэй бүтээг­дэхүүн тариалах тухай салба­рын яам тодорхой шийдэлд хүрээгүй байгаа ч бодит бай­дал дээр тариалалт хийгээд эхэлсэн. Жишээ нь тосны ургам­лыг нэлээд хэдэн аймагт та­риалж байна. Уг нь олон улсын хуулийн дагуу эрсд­лийн үнэл­гээг нь хийж байж тариалах ёстой. Миний мэдэ­хээр Со­лон­госын нэг компани генийн өөрчлөлттэй бүтээгдэ­хүүн Монголд тариалж байс­наас үйл ажиллагааг нь зог­соож байсан удаа бий. Генийн өөрч­лөлттэй гээд муу гэж байгаа юм биш. Гол нь эхлээд эрсд­лийн үнэлгээг нь хийх ёстой. Тэгээд ч манайд генийн өөрч­лөлттэй бүтээгдэхүүн тариа­лах тухай хуульд тус­гаагүй. Тиймээс хууль эрх­зүйн нөхц­лийг илүү тодорхой болгох шаардлагатай.

-Хүмүүсийн мэдлэг мэ­дээлэлгүйг далимдуулж, генийн өөрчлөлттэй бүтээг­дэхүүн хууль бусаар та­риалж байгаа аж ахуйн нэг­жид хүлээлгэх  хариуцлага хэр тодорхой байдаг юм бол. Ер нь манай улсын бусад хуулийн алдаа эндээ байх шиг байдаг?

-Бүхий л хуулийн тогтол­цоо холбогдож явах ёстой юм билээ. Зөвхөн биоаюулгүй байдлын тухай хуульд өндөр төлбөр тогтоох бололцоогүй л дээ. Манай улс 2007 онд батал­сан Хувиргасан амьд организ­мын тухай хуульд мөнгөн торгууль байгаа. Цаашид ха­риуц­лага тооцох тогтолцоогоо улам боловсронгуй болгоод явах ёстой. Биоаюулгүй бай­далтай холбоотой хөндөгдөж байгаа нэг асуудал бол гене­тикийн нөөц. Дэлхийн олон орон генетикийнхээ нөөцийг бусад улсад алдаж болохгүй гэсэн концепц бий болгосон байна. Ийм үед манай улсад өндөр ашиг өгөхөөр ямар ямар генетикийн нөөц байгаагаа мэдэхгүй байна. Тиймээс энэ чиглэлийн судалгаа хийх шаард­­лагатай байна. Био­технологи гэдэг бол амьд орга­низм учраас уул уурхайг бо­доход тогтвортой хөгжих бо­ломжтой. Тиймээс Генетикийн тухай тусгай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. Биотехнологи бол ногоон хөгжлийн нэг гол чиглэл. Өөрөөр хэлбэл, ямар нэг ашигтай генийг тодор­хойллоо, түүнийг өсч ургадаг организм дотор орууллаа, түүнийгээ олшрууллаа. Ин­гээд л бүтээгдэхүүнээ гарган авна гэсэн санаа л даа.

-Тэгэхээр манайх уул уурхай гэж хошуурч байгаа­тай адил генийн нөөцөөрөө өвөрмөц баялагтай орон гэж ойлгож болох уу?

-Манай эрдэмтдийн баг­цаалсан тооцоогоор 200 тэр­бум ам.долларын нөөц бий гэж үздэг. Хамгийн гол нь генетик нөөцийн гол давуу тал нь тогтвортой. Байгаагаа олш­руулаад үйлдвэрлэлд хэрэг­лээд явна гэсэн үг.  Дээр хэлсэнчлэн байгаль, цаг уурын нөхцлөөсөө шалтгаа­лаад генетикийн өвөрмөц нөөц­тэй оронд тооцогддог.

-Биотехнологийн салба­рын үйлдвэрлэл өртөг өн­дөр байх?

- Юун түрүүнд хүний нөөц, нарийвчлалтай тоног төхөө­рөмж, тогтвортой бодлого хэрэгтэй. Үйлдвэрлэлийн ша­танд судалгааны явц нэлээд цаг хугацаа авдаг. Генийг тодорхойлж, тэндээс ямар бүтээгдэхүүн бий болох вэ гэсэн технологийг нь боловс­руулна, дараа нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх шат байна. Энэ мэт шат дараалсан ажилтай. Үүнийг төрөөс тогтмол дэм­жиж явбал сүүлд ард гарах үр дүн нь өндөр байдаг.

-Нэг голдиролдоо ор­чих­вол гарсан үр ашгаасаа зардлаа нөхөөд явчих бо­лов уу?

-Ерөнхийд нь аваад харах юм бол манай улс шийдвэр­лэх шатандаа явж байна. Ма­най шинжлэх ухааныг модтой зүйрлэвэл үр жимс нь гарах гээд байна. Үүнийг л зөв дэм­жээд өгөх хэрэгтэй. Солонго­сын эрдэмтэд хэлэхдээ “Та­найд бол шинжлэх ухааны онолын суурь судалгаанууд байна.

Харин бид технологийг шууд хуулбарлаад хөгжсөн болохоор цаашид тогтвортой хөгжихөд хүнд байдалд ордог. Тиймээс суурь шинжлэх ухаа­наа бий болгох гэж явна” гэдэг. Харин манайд шинжлэх ухаа­ны салбарт онолын суурь судалгааны бааз байна. Түү­нийгээ яаж үйлдвэрлэл болгох вэ гэдэгт л жаахан дэмжих хэрэгтэй. Шинжлэх ухааныг тогтвортой хөгжүүлэх нэг жишээ бол энэ биотехнологи. 2007 онд инновацийн хөтөлбөр гэж гаргаад өчигдөр мэдэхгүй байсан мэдээллийн технологи үр шимийг өнөөдөр мэдрээд явж байна шүү дээ.

 

Д.ПҮРЭВСҮРЭН / Үндэсний шуудан 2013.06.17 дугаарт нийтлэгдсэн /

 

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч